Мэдээ

Нийтийн тээврийн үйлчилгээний чанар соёлд үзлэг, шалгалт хийсэн тухай

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 тоот албан даалгавар, Хотын ерөнхий менежерийн 2019 оны 02 тоот албан даалгаврын зарим заалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Хотын Ерөнхий менежерийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар болон холбогдох байгууллагууд оролцсон байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулагдлаа.

Ажлын хэсэг 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, “Вокзал”, ”III-IV хороолол” автобусны эцсийн зогсоолд хяналт, шалгалтыг зохион байгуулсан.

Шалгалтанд нийтийн тээврийн үйлчилгээний 18 чиглэлд үйлчилгээ үзүүлж буй 9 аж ахуйн нэгж, байгууллагын 159 тээврийн хэрэгсэл, жолооч нар хамрагдав.

Тээврийн хэрэгсэл, жолооч нарыг 24 үзүүлэлтээр шалгахад нийт илрүүлсэн 162 зөрчлийн 80.0%-ийг автобусны дотор хана, тааз, жолоочийн бүхээг, зорчигчийн суудлын бүрээсний угаалга, цэвэрлэгээ хийгдээгүй зөрчил, 20.0%-ийг тээврийн хэрэгслийн өнгө, үзэмж муу, тээврийн хэрэгслийн гадна угаалга хийгээгүй, ажлын дүрэмт хувцасгүй, батлагдсан загварын дагуу чиглэлийн хаяг байрлуулаагүй зэрэг зөрчлүүд эзэлж байна. Зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэв.

Ажлын хэсэг нь үзлэг шалгалтын явц, үр дүнг 7 хоног бүрийн Лхагва гаригт Хотын Ерөнхий менежерт танилцуулж ажиллах бөгөөд хяналт шалгалт цаашид үргэлжлэх болно.

Comment here