Мэдээ

Нийтийн тээврийн салбарт Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ бүх автобусаа бүрэн камержуулж онлайн болголоо

Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн цагдаагийн газар, Улаанбаатар смарт карт ХХК- ийн төлөөллүүд Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ- ын онлайн камерын үйл ажиллагаатай танилцлаа.

Улаанбаатар хотын зүгээс нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажлыг эхлүүлээд байна. Үүний нэг нь нийтийн тээврийн салбарт шинэ шийдэл, техник технологийг нэвтрүүлж нийтийн тээврийн үйлчилгээний автобусны хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах явдал юм. Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох зорилготойгоор “Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг Нийтийн тээврийн үйлчилгээний газар болон Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Улаанбаатар смарт карт ХХК-тай хамтран зохион байгуулсан. Энэ ажлын эхлэл болж “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ бүх автобуснуудаа онлайн камерыг суурилуулсан байна. Энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэх, цаашлаад нийслэлийн бүх автобусыг камержуулж, онлайнд холбох нь бидний нэг зорилго.

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам ажиллаж байгаа жолооч, шалгагч нарын үйл ажиллагааг хянах, бэлэн мөнгөний зорчилтыг байхгүй болгох, автобусанд үйлдэгддэг хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд хяналтын камер нь өндөр ач холбогдолтой байгаа тул “Камерын ашиглалтын журам”-ыг боловсруулж, мөрдүүлэхээр журмын төслийг хүргүүлээд байгаа бөгөөд цаашид камерыг бүрэн онлайнжуулах чиглэлд хамтарч ажиллахаар төлөвлөж байна.

Comment here