Мэдээ

Нийтийн тээврийн Экспресс шинэ чиглэлүүд болон бусад чиглэлүүдийн ѳѳрчлѳлт, Автомашингүй ѳдрийн тѳлѳвлѳлт

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот албан даалгавар, Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” 02 тоот албан даалгаврын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газраас дараах арга хэмжээг аваад байна. Үүнд:

  1. Экспресс болон богино эргэлтийн чиглэлийг үйлчилгээнд нэвтрүүлэх тухай.

2019 оны 04 дүгээр сард тус газраас Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”, Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ3”, Ч:24б “Чингэлтэй – 3,4-р хороолол -Гурвалжингийн гүүр – ТЭЦ4” чиглэлүүдийн замналдөөрчлөлт оруулан богино эргэлтээр явуулж, эдгээр чиглэлд иргэдийн автобус хүлээх хугацааг 3-7 минутаар бууруулсан. Мөн Ч:24а “Зунжин – 3,4-р хороолол –Сонсголон – ТЭЦ4” чиглэлийн эцсийг Чингэлтэй болгон өөрчилж, зорчигч урсгал 3% өссөн, Ч:54 “Яармаг – 10-р хороолол – 3,4-р хороолол – Зурагт” чиглэлийн эцсийг Баянхошуу болгон өөрчилж, зорчигч урсгал 17% -аар тус тус өссөн байна.

Экспресс 2 чиглэл: “5 шар-Бөмбөгөр-Хөгжим бүжиг”

Тус чиглэл нь 5 шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд 5 шар, 32-р байр, Саппоро, 10-р хороолол, 25-р эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогоолд зогсч үйлчилнэ.Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө болон Самбуугийн гудамжны ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 25 орчим хувиар буурч хамгийн их зорчилт эрэлт үүсдэг их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломжтой болох юм. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулах хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна.

Экспресс 3 чиглэл: “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3”

Босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх чиглэл нь7 буудал, 17-р сургууль, 32-ын тойрог, Хүнсний 4 дүгээр дэлгүүр, Хүнсний 1 дүгээр дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12зогоолд зогсч үйлчилнэ.Ингэснээрбосоо тэнхлэгтээ буюу Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурах боломжтой. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулагддаг хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна.

Богино эргэлтийн Ч:71 “Дүнжингарав-Баянмонгол хороолол-Хүннү 2222-Төв цэнгэлдэх хүрээлэн” шинэ чиглэлийн тухай:

Нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэг болох Энканто хотхон, Хүннү 2222, Академи хотхоны иргэдийн зорчих эрэлтийг хангах шинэ чиглэл нээн, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлнэ.
Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр богино эргэлтээр зохион байгуулах ба зорчигчдыг дамжин суултын гол зангилаа болох 120 мянгат хүргэснээр хотын аль ч цэгт хүрэх боломж бүрдэнэ.

Ч:30 “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр” чиглэлд орсон өөрчлөлтийн тухай:

Баянзүрх дүүргийн 6, 12, 13, 14, 18 дугаар хорооны иргэдийн санал хүсэлт зорчих эрэлтэд нийцүүлж одоогийн Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”, Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр” чиглэлүүдийг нэгтгэн 1 чиглэл болгосноор тухайн чиглэлийн үндсэн зорилгод өөрчлөлт оруулахгүйгээр хүлээгдлийн хугацааг 20 минут байгааг 10 минут болгон 2 дахин бууруулж, Жанжин клуб болон Дамдинсүрэнгийн гудамж орчимд оршин суугч иргэдийн зорчих эрэлтэд нийцсэн үйлчилгээ болно.

 

Ч:70 “ТЭЦ3 – Нарны гүүр – Бөмбөгөр – Ард кино театр” чиглэлд орсон өөрчлөлтийн тухай:

Дээрх чиглэлийн хотын төв хэсэг дэх Нарны гүүрээр даваад Баруун 4 замаар эргэж Энхтайвны өргөн чөлөөгөөр Ард кино театр дайран, Бөмбөгөр худалдааны төвөөр буцдаг байсан эргэлтийг өөрчилөн, Баруун 4 замаар шууд Бөмбөгөр худалдааны төв, Ард кино театр болгосноор зорчилтод зарцуулах хугацааг 10 минутаарбагасгаж, иргэдийн зорчих эрэлтийг шуурхай хангахнөхцөл бүрдэх юм.

  1. “Автомашингүй өдөр”ийн үеэр өөрчлөлт орох нийтийн тээврийн төлөвлөлт.

Нийслэлийн Засаг даргын “Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай 2019 оны А/438 дугаар захирамжийн хүрээнд “Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 07:00-17:00 цагийн хооронд явагдана.Уг үйл ажиллагааны хүрээнд Их тойруу доторх автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоолуудаар, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын эмнэлэг зогсоолуудаар бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд  хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчилж 17:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.Тухайн  өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд зогсоно.

  1. Нийтийн тээврийн үйлчилгээнд тавьж буй хяналт, шалгалт.

Тус газраас нийтийн тээврийн үйлчилгээнд төрийн захиргааны хяналт болон техникийн хяналтыг тавьж, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдэд зөвлөн туслах үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн тээврийн салбарт сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн захиргааны хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Автотээврийн хяналтын 21 улсын байцаагч ажиллаж, 5793 тээврийн хэрэгсэл, 632 зорчигч шалгаж, 412 зөрчил илрүүлж, 12.385.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна. Мөн илэрсэн зөрчлүүдийг арилгуулах зорилгоор 13 аж ахуйн нэгж, байгууллагад улсын байцаагчийн 60 заалт бүхий 23 албан шаардлага, 11 зөвлөмж  хүргүүлж, 33 тээврийн хэрэгсэлд улсын байцаагчийн 162 заалт бүхий 36 техникийн дүгнэлт гаргасан.Мөн Энхтайвны өргөн чөлөө дагуух нийтийн тээврийн үйлчилгээний 16 автобусны зогсоолд нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан зогсож байгаа суудлын автомашинуудыг чөлөөлөх ажилд тус газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар тогтмол хяналт тавин ажиллаж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын 2019 оны А/17 дугаар тушаалаар нийтийн тээврийн үйлчилгээний их, дунд, бага багтаамжийн автобус, троллейбус, ажилчдын автобус болон такси үйлчилгээний тээврийн хэрэгслийн хаврын ээлжит Техникийн хяналтын үзлэг, оношилгоог 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулахаар хуваарийг баталсан.

Хаврын үзлэг оношилгоонд нийт 1848 тээврийн хэрэгсэл орохоос 05 дугаар сарын 16-ны байдлаар хуваарийн дагуу 1389 орохоос 1356 тээврийн хэрэгсэл орж 96,7%, үүнээс 1311 тээврийн хэрэгсэл тэнцэж, 45 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна. /Үндсэн чиглэлийн 10, таксийн 35 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна/ Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орж тэнцсэн 1356 тээврийн хэрэгслээс 370тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлын зөрчлийг арилгуулж, давтан үзлэгт орж тэнцсэн байна.

  1. Нийтийн тээврийн хэрэгслүүдэд онлайн камер суурилуулж эхэллээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам ажиллаж байгаа жолооч, шалгагч нарын үйл ажиллагааг хянах, бэлэн мөнгөний зорчилтыг байхгүй болгох,  автобусанд үйлдэгддэг хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд хяналтын камер нь өндөр ач холбогдолтой юм. Энэ ажлын эхлэл болгож “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын бүртгэлийн санд байгаа нийт 79 автобусанд онлайн/online/ камерыг суурилуулж, ашиглалтанд оруулаад байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдэд суурилуулсан хяналтын камерын ажиллагаанд Улаанбаатар смарт карт ХХК-аас нэгдсэн үзлэг хийх ажлыг 2019 оны 04-р сард зохион байгуулж, нэгдсэн үзлэгийн үр дүнд хяналтын камеруудыг бүрэн ажиллагаатай болгоход шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж,нийтийн тээврийн хэрэгслийн бүх хяналтын камерыг 06-р сарын 01-ээс өмнө бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөж байна. Энэхүү ажлыг үргэлжлүүлэн нийслэлийн бүх автобусыг камержуулж, онлайнд холбох зорилгоор Нийтийн Тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Улаанбаатар Смарт Карт ХХК-иуд хамтран ажиллаж байна

Comment here