Мэдээ

Налайхын авто зам засварын үеэр ажиллах нийтийн тээврийн үйлчилгээнд хийсэн нэмэлт зохицуулалтын талаар

“Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/220 дугаар захирамжаар дээрх чиглэлд зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлаж, авто зам засварын ажил хийгдэхтэй холбогдуулж тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 5 чиглэлд өөрчлөлт оруулж, үйлчилгээг 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн.

Налайхын суурьшлын бүсээс Улаанбаатар хот орох иргэдэд хүргэх нийтийн тээврийн үйлчилгээг ХО:5 “Налайх-Офицеруудын ордон” чиглэлд дунд багтаамжийн 14 автобус 10-11 минут тутамд, Налайхаас Төв аймаг дайрах хатуу хучилттай замаар “Налайх-Төв аймаг-120 мянгат” чиглэлд их багтаамжийн 6 автобус 26 минут тутамд хүргэх төлөвлөлтийг хийж, үйлчилгээг эхлүүлсэн.

Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар үйлчлэх дунд багтаамжийн автобусаар зорчих иргэдийн эрэлт их байгаа тул дээрх чиглэлүүдэд хийсэн зорчигч урсгал болон авто замын нөхцөлд хийсэн судалгаанд үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/664 дүгээр “Захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамж гарсан тул Налайх чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоо, төрлийг нэмэгдүүлэх зохицуулалтыг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хийхээр боллоо.

Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар “Налайх-Офицеруудын ордон” чиглэлд 6 их багтаамжийн, 14 дунд багтаамжийн нийт 20 автобусаар 06:20-23:17 цагийн хооронд 8 минут тутамд үйлчилгээ хүргэх төлөвлөлтийг хийгээд байна.

Дээрх өөрчлөлттэй холбогдуулж “Налайх-Төв аймаг-120 мянгат” чиглэлийн үйлчилгээг дээрх өдрөөр тасалбар болгон зогсоож байна.

Мөн ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон” чиглэлд 2, Ч:12 “Ургах наран-Офицеруудын ордон” чиглэлд 3 дунд багтаамжийн автобус тус тус үйлчилгээ үзүүлж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Comment here