Сайтын бүтэц | Холбоосууд | Холбоо барих

Газрын дотоод журам

Нийслэлийн  Тээврийн газрын
  даргын 2016 оны ...сарын  ....-ны    
өдрийн .... дугаар тушаалын хавсралт

 

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1 “Хөдөлмөрийн дотоод журам”-ын зорилго нь байгууллагын дотоод үйл ажиллагааг журамлах, хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажил үйлчилгээний чанар, бүтээмжийг дээшлүүлэхэд төрийн албан хаагчдын үүрэг хариуцлагыг чиглүүлж, тэдний ажиллах нөхцлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн сахилгыг сахиулахад оршино.

1.2. “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг хэрэгжүүлэх ажлыг хэлтсийн дарга нар зохион байгуулж биелэлтэд нь Захиргаа, удирдлагын хэлтэс хяналт тавина.

1.3. Энэхүү “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг тус газрын нийт албан хаагчид үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллана. 

1.4. Хэлтсүүдийн ажил үүргийн зохицуулагдаагүй  харилцааг  захиргааны зөвлөлийн хурлаар оруулж  олонхийн саналаар шийдвэр гаргаж  дотоод журам, ажлын байрны  тодорхойлолтод  өөрчлөлт оруулан зохицуулна.

 

Хоёр.Байгууллагын дотоод үйл ажиллагаа,

зохион  байгуулалт

 

2.1. Газрын даргын дэргэд зөвлөх эрхтэй 9-11 хүний бүрэлдэхүүнтэй                  “Захиргааны зөвлөл” ажиллах ба зөвлөл нь үйл ажиллагааны журамтай байна.

2.2.Тус газрын “Дүрэм”-ээр хүлээсэн үүргийн хүрээнд хэлтсүүдийн хариуцах чиг үүрэг, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг газрын даргын тушаалаар батлуулж ажиллана.

2.3. Байгууллагын бүтэц, зохион байгуулалтаар  тогтоосон ажлын байр, албан тушаалд ажиллах төрийн захиргааны албан хаагчтай үр дүнгийн гэрээ, төрийн үйлчилгээний албан хаагчтай“ Хөдөлмөрийн гэрээ”-г бичгээр байгуулна.

2.4.Улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх,  түр хугацаагаар  болон дагалдангаар ажиллуулах тохиолдолд “ Хөдөлмөрийн гэрээ”-г хугацаатай байгуулна.

2.5. Ажлын өдрийн 9.00-10.30 цагторлогч дарга болон хэлтсийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцсон өглөөний шуурхай зөвөлгөөнийг журмын дагуу явуулж өмнөх өдрийн ажил үйлчилгээний байдал, гарсан доголдол, зөрчил, санал, гомдлыг барагдуулах талаар шуурхай арга хэмжээнүүдийг авч ажиллана.

                      2.6. Байгууллагын дотоод үйл ажиллагааг сайжруулах, цаг үеийн ажлыг шуурхай зохион байгуулах чиглэлээр ажлын хэсэг томилон ажиллуулах асуудлыг газрын даргын тушаалаар хэрэгжүүлнэ. Газрын даргын эзгүй үед орлогч дарга орлон ажиллана.

2.7. Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг болон ажлын байрны тодорхойлолтод зөвхөн газрын  даргын, “чөлөөний хуудас” , “тойрох хуудас“, “ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас“, “ээлжийн амралтын мэдэгдэл“ , “албан томилолт”-ын хуудас, “ажил байдлын тодорхойлолт”-д Захиргаа удирдлагын хэлтсийн  дарга гарын үсэг зурж тэмдэг хэрэглэнэ. Байгууллагын тэмдгийг газрын дарга барих ба түших үүргийг түүний туслах хариуцна.

2.8. “Албан хэрэгт тэмдэг, хэвлэмэл хуудас , хэрэглэх хадгалах заавар”-ыг гаргаж мөрдүүлнэ.

   Гурав.Ажил, албан тушаалд томилох, чөлөөлөх, халах

 3.1. Шинээр ажилд орох болон албан тушаал дэвшүүлэн ажиллуулахад НЗД-ын 2015 оны А/291 дүгээр захирамжаар батлагдсан журмыг мөрдөж ажиллана.

3.1.Төрийн захиргааны албан тушаалд орохыг хүссэн иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

            3.1.1.  Ажилд орохыг хүссэн өргөдөл

3.1.2. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт

3.1.3.   Гурван үеийн түүх

3.1.4.   Иргэний үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом , сертификат

 /баталгаажуулсан хуулбар/

            3.1.5. Төрийн албаны шалгалтанд тэнцсэн материал

3.1.6. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр

            3.1.7. Өмнө нь ажиллаж байсан албан газраас тодорхойлсон ажил байдлын тодорхойлолт

3.1.8.   4х6  хэмжээтэй цээж зураг 2%, 3х4 хэмжээтэй цээж зураг 2%

 

3.2. Төрийн үйлчилгээний ажилд орохыг хүссэн иргэн 3.1.5-д зааснаас бусад бичиг баримтыг бүрдүүлнэ.        

            3.3. “Ажлын байрны тодорхойлолт”-д заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг ажилд авах тухай газрын даргын тушаал гарсны дараа тухайн иргэнтэй  “Хөдөлмөрийн гэрээ”,төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэнтэй “Үр дүнгийн гэрээ”-г бичгээр байгуулна.

            3.4. Байгууллагын ажлын онцлогоос хамааран ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангасан иргэнийг нэг жилийн хугацаанд туршилтаар түр томилж болох бөгөөд туршилтын аль ч хугацаанд гэрээг нь дүгнэж, цаашид ажиллуулах эсэхийг шийдвэрлэж болно. Туршилтын хугацаанд ажиллаж буй ажилтанд байгууллагаас олгодог хоол, унааны хөнгөлөлтөөс бусад  тусламж, тэтгэмж, шагнал урамшуулал болон бусад төрлийн хөнгөлөлт үл хамаарна.

            3.5. Төрийн үйлчилгээний албан тушаалд шинээр томилогдсон албан хаагчийг 3 сараас доошгүй хугацаанд ажилласны дараа ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг холбогдох хэлтсийн саналыг үндэслэн шийдвэрлэнэ.

3.6. Шинээр томилогдсон албан хаагчдын цалинг тогтоохдоо МУ-ын Засгийн газрын тогтоолоор батлагдсан төрийн үйлчилгээний болон төрийн захиргааны албан хаагчдын ангилал, зэрэглэлийн дагуу цалингийн сүлжээний 1 дүгээр шатлалаас эхлэн олгоно. Төрийн захиргааны байгууллагаас шилжин ирсэн албан хаагчийн цалинг тогтоохдоо өмнөх байгууллагад авч байсан цалингийн шатлалыг харгалзан үзэж болно.

3.7. Цалингийн шатлал /ТЗ, ТҮ/, зэрэг дэвийг нэмэгдүүлэх асуудлыг “Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ дүгнэх журам”-ын дагуу  тухайн ажилтны үр дүнгийн гэрээний үнэлгээ, жилийн ажлын үнэлгээг үндэслэн хэлтсийн саналыг харгалзан /захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж/ шийдвэрлэнэ.

3.8.Төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдсон иргэнд хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн үндсэн ба нэмэгдэл хөлс, хөдөлмөрийн нөхцөл шаардлага, гэрээний хугацаа зэргийг танилцуулна.

3.9. Газрын  дүрэм болон үйл ажиллагаатай холбогдолтой бусад шийдвэрийг тухайн хэлтсийн дарга танилцуулна.

3.10.  Албан хаагчдад тухайн оны нэгдүгээр сард багтаан байгууллагын  үнэмлэх олгоно.  Шинээр ажилд орсон  ажилтан, албан хаагчид  30 хоногийн дотор  үнэмлэх олгоно.Түр томилогдсон ажилтныг  жинхэлсэний дараах 30 хоногт  үнэмлэх олгоно.

3.11. Хэлтсийн дарга нар тухайн хэлтсийн  албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг нарийвчлан гаргаж Захиргаа, удирдлагын хэлтэст  өгнө.

3.12. Ажилтныг өөр ажилд шилжүүлэх, ажил албан тушаалыг хэвээр хадгалах нөхцөл:

3.12.1.Ажлын зайлшгүй шаардлага, ажилтны мэргэжлийн ур чадварын түвшингээс шалтгаалж ажил, албан тушаалын өөрчлөлт /дэвшүүлэх, шилжүүлэх г.м / хийгдэх тохиолдолд газрын даргын тушаалаар хэрэгжүүлнэ.

3.12.2 “Хөдөлмөрийн тухай” хуулийн 35 дугаар зүйлд заасан тохиолдолд ажилтны албан тушаал хэвээр хадгалагдах ба ажилтан хүсэлтээ байгууллагад бичгээр гаргах бөгөөд  хугацааг хэлэлцэж тохиролцоно.

            3.13. Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд ажлаас халахаар заасан зөрчлүүдийг гаргасан  төрийн албан хаагчийг хууль тогтоомжийг үндэслэн ажлаас чөлөөлнө.

 

Ажил олгогч:

3.13.1. Хуульд заасан тохиолдолд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгөх

3.13.2. Ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтны ажлыг ажил хүлээлцүүлэх комисс хүлээн авах ба шаардлагатай гэж үзвэл ажил байдлын тодорхойлолт гаргаж өгөх

              3.13.3. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийг зохих журмын дагуу бөглөн, хувийн хэрэг материалын хамт өгөх

 

 Ажилтан:

   3.13.4. Хариуцсан эд хөрөнгийг картын дагуу, хариуцсан ажил, ажлын мэдээ тайланг хавтаст хэргээр болон файлаар хүлээлгэн өгөх ба байгууллагад өртэй бол түүнийг барагдуулах 

3.13.5. Ажилтан нь тойрох хуудас бөглүүлж, ажлын газрын үнэмлэхийг  байгууллагад буцаан өгөх

3.13.6. Хуульд заасан бусад

3.14.Өндөр насны тэтгэвэрт гарсан ажилтныг газрын даргын тушаалаар ахмадын бүртгэлд бүртгэнэ.

 

Дөрөв. Сул байгаа болон шинээр бий болсон ажлын байр, албан тушаалд ажилтан  авах

 

4.1. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сул орон тоог нөхнө.

4.2. Одоо эрхэлж буй ажил, албан тушаалдаа 24 сараас доошгүй хугацаагаар ажилласан, ажил, үүргээ “А” үнэлэлттэй гүйцэтгэж байгаа, захиргааны арга хэмжээ авагдаагүй ажилтан нь шууд удирдлагатайгаа зөвшилцсөний дагуу сул байгаа болон шинээр бий болсон орон тоо, ажил, албан тушаалд дэвших хүсэлтээ 14 хоногийн дотор Захиргаа, удирдлагын хэлтэст бичгээр өгч болно.

4.3. Төрийн үйлчилгээний албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа иргэдээс сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.

Тав.Ажил, амралтын цагийн горим, чөлөө олгох

5.1. Байгууллагын ажлын өдөр 8.30 цагт эхэлж 17.30 цагт дуусах ба  цайны цаг 12.30-13.30 цагийн хооронд байна.

5.2. Албан хаагч нь ажлын цагаар албан ажлын шаардлагаар гадуур ажиллах тохиолдолд “Гадуур ажлаар явсан тухай бүртгэл“-ийн дэвтэрт хаана ямар ажлаар явсан, ирсэн цагаа тэмдэглэн гарын үсэг зурж баталгаажуулна.

5.3. Хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан сард нэг удаа 2 өдрийн цалингүйчөлөөг ажилтанд хэлтсийн дарга, хэлтсийн дарга нарт газрын дарга чөлөө олгоно. Хэлтсийн дарга нар чөлөө олгохдоо Захиргаа, удирлагын хэлтсээс  чөлөөний хуудас авч бөглөн, тухайн албан хаагчийн ажлыг орлон ажиллах хүний талаар танилцуулж,  Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга  гарын үсэг зурж байна.

5.4. Ажилтанд хоёроос дээш ажлын өдрийн чөлөөг өргөдөл хүсэлтийн дагуу газрын даргын тушаалаар олгоно.

5.5.  Ажилтны төрсөн эцэг, эх, үр хүүхэд, ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх болон эхнэр, нөхөр нас барсан тохиолдолд ажлын 5 хүртэл өдрийн, уг гачигдлаар хөдөө орон нутагт явах тохиолдолд ажлын 10 хүртэл өдрийн чөлөө олгох ба нас барсны гэрчилгээг үндэслэн тушаал гаргана.

5.6. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөөний хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хэтэрсэн хугацааг ажил тасалсанд тооцно.

5.7. Албан хаагч өөрөө буюу шууд асрамжинд нь байгаа хүмүүсээс эмнэлэгт үзүүлсэн, эмчлүүлсэн, хуулийн байгууллагад гэрч хохирогчоор дуудагдсаны улмаас ажилдаа байгаагүй зэрэг хугацааг зохих байгууллага, албан тушаалтан, эмчээс олгосон албан ёсны баримтыг үндэслэн чөлөөтэй байснаар тооцно.

5.8. Ажилтан нь ажлын өдрийн үргэлжлэх хугацаанд гүйцэтгэвэл зохих үүрэгт ажлаа бүрэн биелүүлээгүй, удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь хийж дуусгаагүй  шалтгаанаар сунгасан цагаар ажиллаж дутууг нөхөн гүйцээсэн бол үүнийг “Хөдөлмөрийн тухай” хуульд заасан илүү цагаар ажилласанд тооцохгүй.

5.9.Газрын даргын тушаал шийдвэрээр ажлын бус цагаар болон амралт баяр ёслолын өдөр ажилласан бол Хамтын гэрээнд заасны дагуу  нөхөн амраах эсвэл цалинг тооцож олгоно. Нөхөн амраах тохиолдолд  нэгжийн дарга шийдвэр гаргаж  1 сарын дотор  нөхөн амраана.

Зургаа. Цалин хөлс, тэтгэмж, ээлжийн амралт

            6.1.Албан тушаалын сарын үндсэн цалин болон нэмэгдэл цалинг газрын даргын тушаалаар батлан мөрдөнө. Байгууллагын сарын ажлын гүйцэтгэлийг сар бүрийн 30, 31-ний өдрөөр тасалж тооцох бөгөөд урьдчилгаа цалинг сар бүрийн 10-12-ны өдөр, сүүлийн цалинг 25-28-ны өдөр тус тус олгоно.

6.2. Төрийн үйлчилгээний сул гарсан ажлын байрыг хавсран ажилласан тохиолдолд газрын даргын тушаалаар шийдвэрлэж, тухайн албан хаагчийн хөдөлмөрийн хөлсний 30 хүртэл хувийн нэмэгдэл олгож болно. 

6.3. Ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг олгохдоо хавсран гүйцэтгэх ажлын ачаалал, үр дүн, гүйцэтгэлийг нь хэлтсийн даргаар дүгнүүлж сар сард нь хувилан олгоно. Төрийн захиргааны албан хаагчаар ажил хавсран гүйцэтгүүлсэн тохиолдолд ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл олгохгүй.

6.3. Төрийн үйлчилгээний албан хаагчийн ур чадварын нэмэгдлийг сар бүрийн 25-ны дотор тухайн нэгжийн даргаас ирүүлсэн саналыг үндэслэн, албан тушаалын сарын цалингийн 25 хүртэл хувь байхаар тогтоож, газрын даргын тушаалаар олгоно.

6.4.Ажилтанд  дор дурдсан тусламж,  тэтгэмж олгоно. Үүнд:

6.4.1. Ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, аж ахуйн нэгж байгууллага түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн, төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарсан тохиолдолд 1-6  сарын үндсэн цалингийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

6.4.2.Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн ба төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас нь ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

6.4.3. Ажилтан удаан хугацаагаар өвдсөн тохиолдолд хамтын гэрээнд заасны дагуу тухайн жилийн батлагдсан төсвийг харгалзан газрын даргын тушаалаар тусламж олгож болно.

6.5.Ажлын зайлшгүй шаардлагаар болон мэргэжлийн дагуу дотоод гадаадын сургалтанд хамруулах, хөнгөлөлт эдлүүлэх, сургалтын зардлыг байгууллага хариуцах асуудлыг тухайн жилийн төсөвт тусган тухайн хэлтсийн  санал дээр үндэслэн  захиргааны зөвлөлийн хурлаар  хэлэлцэж шийдвэрлэнэ.

6.6. Төрийн албан хаагчийн  ээлжийн амралтыг шинээр томилогдсон албан хаагчийн хувьд 11 сар ажилласны дараа, 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж байгаа албан хаагчийн хувьд урьд амарсан хугацаанаас  нь хойш доод тал нь 6 сар ажилласны дараа олгох ба жилдээ нэг удаа амралт бодуулна.  Тухайн оны 11 дүгээр сарын 25-ны дотор бүх албан хаагч ээлжийн амралтаа биеэр эдэлсэн байхаар зохицуулалт хийнэ.

6.7. “Эзгүй байгаа ажилтны ажил, албан тушаал түр орлон гүйцэтгэх хуваарь“-ийг газрын даргын тушаалаар батлан мөрдүүлэх ба албан хаагчдад хүндэтгэн үзэх шалтгаан /эмнэлгийн чөлөө, захиргааны чөлөө, албан томилолт, ээлжийн амралт г.м/ гарч тодорхой хугацаанд ажиллаагүй үед  хуваарийн дагуу ажиллуулна.Хуваарийн дагуу орлон гүйцэтгэх ажилтанд ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөөгүй орхиж явсан ажилтанг  захиргааны зөвлөлийн хурлаар оруулж хариуцлага тооцно.

6.8. Өвчтэй, ар гэрийн гачигдалтай, албан томилолт болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар эзгүй байгаа ажилтны ажил үүргийг орлон гүйцэтгэвэл Хамтын гэрээнд заасны дагуу нэмэгдэл олгоно.

6.9. Ажилтан, албан хаагч төрийн шагнал хүртсэн тохиолдолд холбогдох Монгол Улсын Засгийн газрын тогтоолд заасны дагуу мөнгөн шагнал олгож болно.

6.10. Албан хаагчийн гэр бүлийн гишүүн төрсөн эцэг, эх, үр хүүхэд, ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх болон эхнэр, нөхөр нас барсан тохиолдолд хамтын гэрээнд заасны дагуу тухайн жилийн батлагдсан төсвийг харгалзан мөнгөн болон эд материалын тусламж олгож болно.

 Долоо.Албан хаагчдын нийгмийн асуудал

7.1. Албан хаагчдын ахуй нөхцөл, нийгмийн баталгааг хангах талаар хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

7.2 Тухайн жилийн төсвийн зардлын хэмнэлтийг “Төсвийн тухай” хуулийн 46.4 дэх заалтыг үндэслэн  албан хаагчдын ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах, хамт олны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг арга хэмжээнд зарцуулна.

7.3. Төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ тухайн албан хаагчийн тус газарт  ажилласан жил, үр бүтээл, ахуй нөхцлийг үндэслэн хамт олны хурлаар хэлэлцүүлсний дараа захиргааны зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ. Өмнө нь байгууллагаас нийгмийн асуудлаа шийдвэрлүүлсэн төрийн албан хаагчийн хувьд 5 жилийн хугацаанд дахин нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхгүй.  

7.4. Албан хаагчдын ажлын байр, ажиллах нөхцөл бололцоог сайжруулах

            7.5. Ажилтны эхнэр амаржсан бол ажлын 5 хоногийн цалинтай  чөлөө олгоно.

 Найм. Төлөвлөгөө , тайлан , хяналтын тогтолцоо

8.1.Хэлтэс тус бүр  сар,  жилийн ажлын төлөвлөгөөтэй ажиллах ба эхний хагас жилийн тайланг 06 дугаар сарын 25, жилийн эцсийн тайланг 12 дугаар сарын 20-ны дотор гаргана.

8.2. Хэлтсүүд дараа жилийн ажлын төлөвлөгөөг тухайн оны 12 дугаар сарын 25-ны дотор Захиргаа , удирдлагын хэлтэст  өгнө.

8.3. Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга нь хэлтсүүдийн үйл ажиллагааны жилийн  ажлын төлөвлөгөөг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөртэй хэрхэн уялдсаныг хянаж, үр дүнгийн гэрээний хавсралт болгон  газрын даргаар батлуулна.

8.4. Хэлтсүүд нь сарын ажлын төлөвлөгөөг сар бүрийн 25-ны дотор, төлөвлөгөөний биелэлтийг сар бүрийн 30-ны дотор Захиргаа, удирдлагын хэлтэст өгнө.

8.5. Хэлтсүүдийн жилийн ажлын төлөвлөгөөг үндэслэн Захиргаа, удирдлагын хэлтэс нь байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан газрын даргын үр дүнгийн гэрээний хавсралт болгон батлуулж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана.

8.6 Байгууллагын захиргаанаас гаргасан хуваарийн дагуу 12 дугаар сарын 20-ны дотор нэгжүүд дотооддоо албан хаагчдынхаа, 23-ны дотор нэгжийн удирдлагууд захиргааны зөвлөлд тайлангаа хамгаална.

8.7. Байгууллагын тайлангийн хурлыг 12 дугаар сарын 25-ны дотор зохион байгуулж, байгууллагын хэмжээнд тухайн жилийн ажлаараа тэргүүний ажилтнаа шалгаруулна.

8.8. Менежер /нэгжийн дарга/ албан хаагчдын үр дүнгийн гэрээний тайланг хагас, бүтэн жилээр үнэлж, Төсвийн шууд захирагч/газрын дарга/ баталгаажуулна.

8.9. Менежер /нэгжийн дарга/-ийн үр дүнгийн гэрээний тайланг Төсвийн шууд захирагч хагас, бүтэн жилээр дүгнэж, баталгаажуулна.

8.10. Төрийн албан хаагчийн жилийн ажлын үр дүнгийн үнэлгээг үндэслэн дараах эрхийг хэрэгжүүлж болно. Үүнд:

8.10.1. албан тушаал дэвшүүлэх

8.10.2. зохих шатны сургалтанд хамруулах

8.10.3. зэрэг дэв олгох, ахиулах

8.10.4. мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал урамшуулал олгох

8.10.5. цалингийн шатлалыг нэмэгдүүлэх буюу бууруулах

8.10.6. Албан үүргээ гүйцэтгээгүйн улмаас  холбогдох хуулинд заасан бусад арга хэмжээ.

8.11. Төрийн албан хаагч албан үүргээ тогтмол чанартай сайн  биелүүлж үйл, ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин /үр дүнгийн гэрээний биелэлт/-гийн үнэлгээгээр 90-100 оноогоор дүгнэгдэж “А” үнэлгээ  авсан бол үндсэн цалингийн 80 хүртэл хувь, 80-89 оноогоор дүгнэгдэж “B”  үнэлгээ авсан бол үндсэн  цалингийн 70 хүртэл хувийн урамшуулал олгоно.

8.12. Тухайн жилийн цалингийн сан хэмнэгдсэн тохиолдолд ажилтан, албан хаагчдын ажлын үр дүнгээр тодорхой хувиар тооцож жилийн эцэст урамшуулал олгож болно.

8.13.Зохион байгуулалтын нэгжүүдийн дараа оны ажлын төлөвлөгөөний төсөл 12 дугаар сарын 25, байгууллагын жилийн ажлын төлөвлөгөө дараа оны нэгдүгээр сарын 10-ны дотор гарч баталгаажсан байна.

Ес. Хөдөлмөрийн сахилга

9. Дор дурдсан зөрчлийг “хөдөлмөрийн сахилгын зөрчил” гэж үзнэ.

9.1.  Ажил олгогч болон өөрийн шууд удирдлагын зааварчлага, зөвлөгөө, хууль ёсны үүрэг даалгаврыг үндэслэлгүйгээр эсэргүүцэх, сөргүүлэн тайлбар тавих, үл ойшоох, хайхрамжгүй хандах, үл биелүүлэх, мушгин гуйвуулах;

9.2. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн, хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал гаргасан буюу шан харамж, зээл, авлига авсан,

9.3. Ажлын бус цагаар ажлын байранд хувийн ажил хийж гүйцэтгэх болон албан бус зорилгоор байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл , мөнгөн хөрөнгө, албан мэдээллийг ашиглах , ашиглуулах, үрэгдүүлэх, устгах

9.4. Ажлын гүйцэтгэлийн мэдээ тайланг санаатай буруу гаргасан, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг зөрчсөн, ажлын алдаа дутагдал гаргаж хариуцлага алдсан;

9.5. Ажил таслах, ажлын цагаас хожимдож ирэх, цагаас эрт тарж явах, ажлын цагаар ажлын байрыг орхиж явах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөөний хугацаа хэтрүүлсэн;

9.6. Ажлын байранд согтууруулах буюу мансууруулах зүйл хэрэглэсэн;

9.7. Байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагааны горим, нэр хүндэд харш бөгөөд сөрөг нөлөөлж /хор уршиг, саад тотгор учруулж/ болох зөрчил дутагдал гаргасан;

9.8. Албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажлынхаа аливаа давуутай тал буюу байгууллагаас албан ажилд нь зориулж олгосон хангамж, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд урвуулан буюу албаны бус сонирхолд ашигласан /шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэсэн, байгууллагын өмч хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн буюу бусдад зориуд завшуулсан, хэрэглүүлсэн, байгууллагын зардлаар хувийн хэрэгцээг хангасан, хувийн бизнесийг дэмжсэн г.м/;

9.9. Байгууллагын болон өөрийн хариуцсан ажил үүрэгтэй холбоотой /мэдээ мэдээлэл, бичиг баримт, тооцоо, зураг г.м./ мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр задруулсан;

9.10. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан эд хөрөнгийг хууль бусаар ашигласан, завшсан, хэрэглэсэн, зээлдүүлэх нэрээр олгосон, үрэгдүүлж дутагдуулсан, эрх хэмжээгээ хэтрүүлэн байгууллагын өмнөөс аливаа төрлийн гэрээ хэлцлийг байгуулсан, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, хуурамч баримт материал бүрдүүлэх, данс бүртгэлийг будлиантуулах, зориулалтын бус данснаас гүйлгээ хийж зардал гаргах, өөрийн буруутай үйлдлийг нуух зорилгоор аливаа үйлдэл хийх, энэ үйлдэлдээ өөрийн удирдлагад байгаа ажилтнаа буюу бусдыг татан оролцуулах, тэдгээртэй хуйвалдах, гэрээ байгуулахад шаардагдах материалыг хуурамчаар бүрдүүлэх боломжийг олгосон;

9.11. Төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, зан харьцааны талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас удаа дараа үндэслэлтэй гомдол ирүүлсэн тохиолдолд байгууллагын ёс зүйн хороогоор оруулах ба ёс зүйн хорооны дүгнэлтийг захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэр гаргана.

Арав.Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

10.1.Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан албан хаагчидТөрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн дараах  шийтгэлийг ногдуулна. Үүнд:

 10.1.1. Сануулах;

            10.1. 2. Цалин хөлсийг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

            10.1.3.  Ажлаас халах.

10.2. Энэ зүйлд заасан шийтгэлүүдийг заавал шат дараалан оногдуулахгүйгээр аль тохирохыг шууд ногдуулж болно.

10.3. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сар, зөрчил гаргаснаас хойш зургаан сарын дотор сахилгын шийтгэлийг ногдуулна.

10.4. Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй.

10.5. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно. Сахилгын шийтгэл ногдуулсан албан хаагчид тухайн жилд аливаа төрлийн шагнал урамшуулал олгохгүй.

10.6. Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулах эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хязгаарлагдмал  буюу бүрэн хариуцлага хүлээлгэнэ.

10.7. Хохирлын хэмжээг шууд учирсан жинхэнэ хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлого /алдагдал/-ыг хохиролд оруулан тооцохгүй.

10.8. Ажилтны байгууллагад төлөх төлбөрийг хөдөлмөрийн хөлснөөс нь суутган  төлүүлж болно.

10.9 Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан “ноцтой зөрчил “ гаргасан ажилтныг ажил олгогчийн санаачлагаар ажлаас халж  хөдөлмөрийн гэрээг цуцална.

10.10.  Жилийн эцсийн тайлан хамгаалалтаар хангалтгүй үнэлгээ авсан ажилтныг албан тушаал бууруулах, цалингийн шатлал бууруулах, ажлаас халах асуудлыг  захиргааны зөвлөлийн  хурлаар  оруулж  олонхийн саналыг үндэслэн шийдвэрлэнэ.

 Арван нэг. Ажил олгогчийн хүлээх үүрэг

 11.1.     Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээг батлах;

11.2.     Хөдөлмөрийн хөлсийг сард 2(хоёр) удаа олгох;

11.3. Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах , ажлын байрыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж , албан хаагчийн эрүүл мэндийг хамгаалах, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжил боловсролыг дээшлүүлэх талаар үе шаттай арга хэмжээ  авч хэрэгжүүлэх ;

11.4.Хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглахад тавихдотоодын хяналтыг боловсронгуй болгох;

11.5.Ажилтнуудын ажлын идэвх санаачилгыг өрнүүлэх нөхцлийг бүрдүүлэх.

 Арван хоёр.Ажилтны хүлээх үүрэг

12.1. Шударга хөдөлмөрлөж, сахилга, дэг журам, зохион байгуулалтын хэм хэмжээ /байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, үйлчилгээний горим, соёл/-г чанд сахиж, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлнэ;

12.2. Хариуцсан ажлын хүрээнд албан хэрэг, бичиг баримтын бүрдүүлэлт,хадгалалт, хамгаалалтыг бүрэн хангаж жилийн эцэст архивын нэгж болгон хүлээлгэн өгөх;

12.3.  Байгууллагын нэр хүндэд харш үйлдэл гаргахгүй байх;

12.4.  Хөдөлмөрийн горимыг чанд сахих, өөрийн ажил, мэргэжлийн байр сууринаас байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэсэн шинэлэг санал дэвшүүлж, ажлын үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх талаар идэвхи санаачилга гарган ажиллах;

12.5. Байгууллагын өмч хөрөнгийг сахин хамгаалж, ажлын байр, хариуцсан эд хөрөнгө, техник хэрэгсэл, бусад зүйлийг зориулалтын дагуу ариг гамтай ашиглаж ажиллах;

12.6. Ажлын байрны ариун цэвэр, соёлч байдлыг байнга сахих, ажлын байр, биеэ соёлч боловсон зөв авч явах, дүрэмт хувцсыг зохих журмын дагуу цэвэр нямбай хэрэглэх,  хамтач нөхөрсөг зан байдлыг сахиж хүндэтгэх, харилцааны соёлыг эрхэмлэх;

12.7. Хууль тогтоомж, захиргааны шийдвэр, хөдөлмөрийн болон үр дүнгийн  гэрээгээр тогтоосон бусад үүргээ чанд биелүүлэх;

12.8. Албан хаагч мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор  ажлын цагаар  сургууль, курс, дамжаанд суралцах тохиолдолд цалингүй чөлөө авах асуудлаа захиргаанд албан ёсоор өргөдлөө  гаргаж асуудлаа шийдвэрлүүлнэ.

Арван гурав. Ажлын байранд хориглох зүйл

 13.1. Ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөх, ажил төрлийн бус яриа өрнүүлэх, ажлын байраа орхих, сэлгүүцэх, бусдыг уруу татах, анхаарлыг сарниулах, ажилд нь саад болох, цээртэй үг хараал хэлэн, чимээ шуугиан гаргах, хашгирах, хэрэлдэх, ажлын бус асуудлаар маргалдах, бусдыг доромжлох, ажлын байр талбайг бохирдуулах;

13.2.  Ажлын байранд төрөл бүрийн худалдаа наймаа хийх, хийлгэх;

13.3. Ажлын байранд этгээд байдлаар хувцаслах, тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх.

Арван дөрөв. Бусад асуудал

 14.1. Хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэнд Захиргаа, удирдлагын хэлтэс хяналт тавина. 

 14.2. Энэ журамд шууд заагаагүй асуудлыг Төрийн албаны болон “Хөдөлмөрийн тухай хууль”-иар зохицуулна. 

--------00------

 

 

 

Монгол улсын нийслэлд нийтийн тээвэр үүссэн цагаасаа өнөөг хүртэл нийгмийн хөгжлийн тодорхой үеийг дамжин хөгжиж, өөрчлөгдөж шинэчлэгдсээр ирлээ.
 

Холбоо барих

http://www.web.gov.mn/ 
  + 326352
  + (976-11)32-79-68
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу 15, Нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байр  

Бусад холбоос