Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
  Автотээврийн салбар нь Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэгч байсаар ирсэн бөгөөд нийслэл Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд нийтийн тээврийн үйлчилгээ нь онцгой хувь нэмэр оруулж байгаа билээ.
  Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувь нь ажиллаж амьдардаг Улаанбаатар хотын иргэдийн 60 орчим хувь нь буюу 750.0 мянга орчим хүн өдөр тутам нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байна. Нийслэлийн нийтийн тээврийн салбарын хамт олон зах зээлийн ороо бусгаа үед ч, эдийн засгийн эрсдэлтэй хүндрэлтэй цаг мөчид ч өмнөө тавьсан үүрэг зорилтоо амжилттай хэрэгжүүлж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
  Тус газар нь Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангахад хот төлөвлөлт, хөдөлгөөний зохион байгуулалтын орчин үеийн концепц, иргэдийн шинэ үнэт зүйлс, сэтгэлгээний шинэ хандлагад нийцсэн нийтийн тээврийн тогтвортой, ухаалаг тогтолцоог бүрдүүлж, түүнтэй уялдсан хотын хөгжлийн стратегийг цогцоор нь хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
  Дээрх зорилтын Нийслэл хотын иргэдийн нийтийн тээврийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж, зорчигчиддоо дээдэлсэн соёлтой, хөнгөн шуурхай үйлчилгээг бий болгох, өнөөгийн хүрсэн түвшин, ололт амжилтаа улам бататган ажиллах шаардлага салбарын хамт олны өмнө зүй ёсоор тавигдаж байгааг онцлон хэлэх нь зүйтэй юм.
  Төр засгийн зүгээс хэрэгжүүлж буй бодлого, зорилтыг амжилттай хэрэгжүүлж, нийслэлийн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэхэд хүчин зүтгэл гарган, үүрийн гэгээнээс үдшийн бүрийг хүртэл ажиллаж, нийслэлийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нийтийн тээврийн салбарын нийт хамт олон болон нийтийн тээврээр үйлчлүүлж буй нийт зорчигчиддоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсч, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

АЛТАН ШАР ЗАМ ТАНЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ.