Мэдээ

ХӨЛ ХОРИОНЫ ХУГАЦААНД НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВЭР БҮРЭН ХҮЧИН ЧАДЛААРАА АЖИЛЛАЛАА

Нийслэлийн нутаг дэвсгэрт Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний салбар тусгай горимын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж, бүрэн хүчин чадлаараа ажиллалаа.
Тодруулбал: Нийтийн тээврийн салбарт 1200 орчим автобус бүртгэлтэй үйлчилгээнд явдаг. Үүнээс 1100 орчим автобус өдөр бүр үйлчилгээнд гарч, 100 орчим автобус засвар үйлчилгээгээ хийлгэн бэлтгэл байдлыг хангаж байна. Энэ нь энгийн цаг үеийн тээвэрлэлттэй ялгаагүй үзүүлэлт юм.
Мөн Нийслэлийн хэмжээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, суурин болон явуулын цэгээр өргөтгөн зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу иргэдийг тээвэрлэх, дархлаажуулалтад хамруулах, ажиглах 156 автобусны ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж бэлтгэлийг ханган иргэдэд үйлчилж байна.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед зөвшөөрөгдсөн 15 аж ахуй нэгжийн албан хаагчид ажиллах чиглэлийн дагуу 300 гаруй автобус тээвэрлэлт хийж эхэлсэн ч зорчигч урсгал нэмэгдэж, иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор автобусны тоог 3 дахин нэмж өдөрт 1000 орчим нийтийн тээврийн хэрэгслийг явуулахаар төлөвлөлтийг хийж, иргэдийнхээ халдвар хамгааллын дэглэмийг бариулахад онцгойлон анхаарлаа. Мөн иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхээр хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Хөдөлгөөнт болон суурин 17 байршилд Авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, 43 байршилд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 албан хаагч, 116 байршилд 175 шалгагч нар хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдад үйлчилж байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР