Ангилал: МэдээОгноо: 5 сар 11, 2023

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргээс цахимаар удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тухайлбал, Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг хангаж, гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд тавдугаар сарын 5-ны байдлаар 21 байршилд 282 гарааш чөлөөлөөд байна. Нийт 132 байршилд 2355 гарааш чөлөөлөх бөгөөд нийт талбайн хэмжээ 5251 ам метр юм. Мөн нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах үүрэг өгсөн. Нийт 132 байршилд 135.4 га талбайд арчлалт хийхээс Хот тохижилтын газар ОНӨААТҮГ 44 байршлын 46 га талбайд, хувийн хэвшлийн ойн мэргэжлийн 21 байгууллага 88 байршлын 89 га талбайд арчилгааг арга технологийн дагуу гүйцэтгэнэ. Тодруулбал, 20 мянган ам метр талбайд зүлэгжүүлэлт хийж, 512 мянган цэцэг, 95 мянган бут сөөг, 2100 шилмүүст мод, 88 мянган гоёл чимэглэлийн мод, бут тарихаар төлөвлөжээ. Мөн унгирал үүсгэдэг 2400 орчим улиас модонд 21 байгууллага агро технологийн дагуу хэлбэржүүлэлт хийнэ. Мөн авто замын засвар шинэчлэл, нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээг будах, явган хүний гарц, цагаан шугамыг угаах зэрэг ажлуудаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хотын гол болон туслах гудамж, замуудын заадас засварын ажлын хүрээнд 23  гудамж, замд нийт 220,585 метр урт заадас засварлах ажил хийнэ. Түүнчлэн төвийн зургаан дүүргийн гол болон туслах 84 гудамж, замд 75 мянган ам метр хэвтээ тэмдэглэгээний ажил хийх юм. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан энэ жил тавьж байгаа авто замын мэдээллийг өгсөн бөгөөд Зайсангийн гүүрний ажил 47 хувьтай байна. Зорчих хэсгийг энэ жил нээхээр төлөвлөжээ.  Түүнчлэн  Нийтийн тээврийн үйлчилгээг оновчтой болгох, цагийн хувиар, зуслангийн чиглэлийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Зуслангийн зургаан чиглэлд 45 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна. Тавдугаар сарын 26-наас гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулахаар төлөвлөлт хийсэн” хэмээв.  

Эх сурвалж  ulaanbaatar.mn-news