Ангилал: МэдээОгноо: 3 сар 18, 2019

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, БОАЖ-ын Сайдын 2017 оны А/107 дугаар тушаалаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г тус тус батлан хэрэгжүүлж эхлээд байна.

Хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Тээврийн газар, БНСУ-ын Аж үйлдвэр, Худалдааны яамны харьяа Гадаад худалдааны Төлөөлөгчийн газар /КОТRА /хамтран тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг шүүх өндөр технологи бүхий  DPF төхөөрөмжийг Монгол орны нөхцөлд нутагшуулж, нэвтрүүлэх талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Дээрх үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яам болон КОТRА байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Агаарын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг бууруулах чиглэлд талууд хамтран ажиллаж, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хоёр улсын аж ахуй нэгж, байгууллагуудыг дэмжих, гадаадын улс орнуудын тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг бууруулах чиглэлд амжилттай хийж хэрэгжүүлсэн ажлын туршлагыг судлах, тээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг бууруулах замаар агаарын чанарыг сайжруулах үр дүнтэй бодлого боловсруулах үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо.

Тус газар нь Агаарын чанарыг сайжруулах, тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг бууруулах чиглэлд БНСУ-ын “Серакомб” компанид үйлдвэрлэсэн өндөр технологийн 2 төрлийн DPF шүүлтүүрийг “Эй Эм Эм Жи” ХХК-тай хамтарч 2018 оны 10 дугаар сараас “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 4 автобусанд суурьлуулан туршилт, судалгааны ажлыг хийж байна. Туршилтаар шүүлтүүрийн төрлөөс хамаарч тээврийн хэрэгслээс ялгарах хар утаа (PM)-г 50-97 хувь хүртэл бууруулж байна.

“Серакомб” компани нь тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг шүүх технологи бүхий  DPF төхөөрөмжийг 25 жил үйлдвэрлэсэн туршлагатай юм.