Нэг. Тээврийн салбарын хөгжил, хууль тогтоомж, техник технологийн шинэчлэлийн хүрээнд:

1.1.Холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд нийслэлийн тээврийн салбарын бодлого, төлөвлөлтийг боловсруулах ажилд оролцох, холбогдох санал дүгнэлтийг танилцуулах;

1.2.Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан, нийтийн тээврийн төлөвлөлттэй холбогдох төсөл, хөтөлбөрийг шинээр болон шинэчлэн боловсруулах ажилд оролцох, санал хүргүүлэх, хэрэгжилтийг ханган ажиллах;

1.3.Нийтийн тээврийн автобус, троллейбус болон такси үйлчилгээний тээвэрлэлтийн зардал, зорчих үнэ, тарифийг тогтоох талаар шаардлагатай тооцоо, судалгааг хийж, санал боловсруулж танилцуулах, холбогдох байгууллага, албан тушаалтны шийдвэрийн төслийг боловсруулах ажилд оролцох;

1.4.Нийтийн тээврийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт болон олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн үндэслэл, судалгааг гаргах, туршлага судлах, санал боловсруулж, дүгнэлт гарган хамтран ажиллах;

1.5.Тээврийн салбарт хэрэгжүүлэх болон хэрэгжиж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын төсөл, хөтөлбөр, инноваци, стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах, төсөв санхүүтэй холбогдох асуудлаар газрын удирдлага болон дээд шатны байгууллагыг мэдээллээр хангах;

1.6.Нийслэлийн тээврийн салбарын ажил үйлчилгээтэй холбогдсон техник, технологийн бичиг баримтыг боловсронгүй болгох норм, нормативийг шинэчлэх, шаардлагатай стандартын төслийг боловсруулах чиглэлээр болон олон улсын ISO стандартыг нутагшуулах, нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын талаар хариуцсан ажил, үүргийн хүрээнд санал танилцуулах;

1.7.Шинэ төрлийн тээврийн хэрэгсэл, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх талаар туршлага судлах, хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, төсөл санал танилцуулах.

Хоёр. Хөрөнгө оруулалт, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны хүрээнд:

2.1.Байгууллагын хэмжээнд хийгдэх хөрөнгө оруулалт, түүний үр ашгийн тооцооллыг боловсруулж, дээд шатны байгууллага, албан тушаалтанд танилцуулах;

2.2.Байгууллагын хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг аккурэль сууриар бүртгэх, санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд зохих байгууллагад хүргүүлэх, аудитын байгууллагын дүгнэлт гаргуулах, дээд шатны байгууллага, албан тушаалтанд танилцуулах;

2.3.Байгууллагын шилэн дансыг хөтөлж, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй мэдээлэх, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангуулах ажлыг зохион байгуулах;

2.4.Албан хаагч, ажилтанд цалин, нэмэгдэл хөлс, нөхөх олговор хуульд заасан бусад төлбөр, олговор зэргийг төсвийн шууд захирагчийн шийдвэрийн дагуу олгож, тайлан мэдээнд бүртгэх;

2.5.Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлсэнтэй холбогдуулан ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг зохих журмын дагуу тооцон олгох, хууль болон гэрээнд заасан торгууль, алданги /анз/-ийг суутгах, төлбөр барагдуулах ажлыг зохион байгуулах, гэрээний үүргийн хэрэгжилтэд хяналт тавих, энэ чиглэлээр удирдлагыг мэдээллээр хангах;

2.6.Нийтийн тээврийн үйлчилгээнд мөрдөж буй машин цагийн тариф болон тээвэрлэлтийн үнэд өөрчлөлт оруулах чиглэлээр холбогдох судалгаа, саналыг бусад хэлтэс, нэгжтэй хамтран боловсруулж, санал танилцуулах, шийдвэрлүүлэх;

2.7.Холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэ төлбөргүй /цагдаа, дотоодын цэргийн албан хаагч, хүндэт донор, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх мэт/ болон хөнгөлөлттэй зорчих эрх бүхий /сурагч, оюутан/ иргэнийг тээвэрлэхтэй холбогдох зардлын санхүүжилтийг төсөвлөх, хуваарийн дагуу олгох, хэрэгжилтэд хяналт тавих;

2.8.Байгууллагын санхүүгийн төсвийн төсөөлөл, төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө зардлыг батлагдсан төсвийн хуваарийн хүрээнд, төсвийн шууд захирагчийн шийдвэрийн дагуу тухай бүрд зарцуулах, бүртгэлийг хөтөлж, танилцуулах;

2.9.Байгууллагын хэмжээнд шаардлагатай, шинээр худалдан авах техник, тоног төхөөрөмж болон бусад бараа, үйлчилгээний талаарх мэдээллийг боловсруулж, жил бүрийн төсөвт тусгуулах, худалдан авах ажиллагааг зохион байгуулах;

2.10.Дээд шатны байгууллагаас тогтоосон орлогын төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавьж, орлогын төлөвлөгөөг биелүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, харилцагч байгууллагуудтай улирал, хагас, бүтэн жилээр тооцоо нийлж өр, авлагын үлдэгдлийг тооцоо нийлсэн акт үйлдэн баталгаажуулах;

2.11.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгө бүрдүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах, энэ чиглэлээр удирдлагыг мэдээ мэдээллээр хангах;

2.12.Нийтийн тээврийн үйлчилгээнд мөрдөж буй машин цагийн тариф болон тээвэрлэлтийн үнэд өөрчлөлт оруулах талаар дээд шатны удирдлагад санал хүргүүлэх.

Гурав. Аж ахуйн үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмжийн бүртгэл, ашиглалтад хяналт тавих ажлын хүрээнд:

3.1.Байгууллагын хэмжээнд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийн бүртгэлийг зохих журмын дагуу хөтөлж, элэгдэл хорогдлыг жил бүр тооцох;

3.2.Байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтад хяналт тавих, албан хаагч, ажилтан нь байгууллагын өмч хөрөнгийг ашиглах, эзэмших явцад үрэгдүүлсэн, гэмтээсэн болон зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн, ашиглуулсан талаарх мэдээллийг дээд шатны байгууллага, албан тушаалтанд танилцуулж, хохирлыг барагдуулах ажлыг хариуцан зохион байгуулах;

3.3.Байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор бусад байгууллага, аж ахуйн нэгжээс бараа, ажил үйлчилгээ худалдан авах, түрээслэн ашиглах чиглэлээр гэрээ хэлцэл байгуулах, төлбөр тооцоог хийж барагдуулах, нийлүүлсэн бараа, үйлчилгээний чанар байдалд хяналт тавих, энэ чиглэлээр албан хаагч, ажилтны санал, шүүмжлэлийг хүлээн авч, удирдлагад танилцуулах;

3.4.Цаг үеийн шуурхай үйл ажиллагаатай холбоотойгоор эрсдлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг үйл ажиллагаанд шаардагдах нөөцийг бүрдүүлэх, төсвийн шууд захирагчийн шийдвэрээр зарцуулах;

3.5.Байгууллагын өмчид бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, газар, тээврийн хэрэгсэл, бусад техник хэрэгслийг бусдад түрээслэх, ашиглах зэргээр нэмэлт санхүүжилт бий болгох, тэдгээрийн ашиглалт, хамгаалалтын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулалтыг арга хэмжээг авах;

3.6.Ашиглалтын хугацаа дууссан техник, тоног төхөөрөмжийг зохих журмын дагуу актлах, ашиглалтаас хасуулах ажлыг хариуцан зохион байгуулах;

3.7.Байгууллагын нийт алба хаагч нарт ажил, албан тушаалд нь шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн үнийн судалгааг хийх, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг зохион байгуулах.

Дөрөв. Байгууллагын дотоод үйл ажиллагааны чиглэлээр:

4.1.Байгууллагын хэмжээнд дотоодод мөрдөх дүрэм, журам, заавар болон дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, хэлтсийн хэмжээнд хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах ажлыг зохион байгуулах;

4.2.Хэлтсийн чиг үүргийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар холбогдох мэдээ, мэдээллийг боловсруулж иргэдэд мэдээлэх, удирдлагыг мэдээллээр хангах;

4.3.Газрын удирдлага, холбогдох хэлтсээс зохион байгуулж буй ажил, арга хэмжээнд оролцох, хэлтсийн үйл ажиллагааг байгууллагын дотоод нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах;

4.4.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийн хэрэгжилтийг хангуулах, хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, авлигатай тэмцэх талаарх сургалтад алба хаагчдыг бүрэн хамруулах;

4.5.Хэлтсийн хэмжээнд сахилга дэг журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, албан хаагч, ажилтны ажлын цаг ашиглалтад хяналт тавих;

4.6.Хэлтсийн хэмжээнд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах, албан хаагч, ажилтны сахилга ёс зүйн зөрчил, дутагдлыг баримтжуулах, албаны шалгалт явуулж, холбогдох санал дүгнэлтийг танилцуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, энэ чиглэлээр удирдлагыг мэдээллээр хангах;

4.7.Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, чиг үүрэгтэй холбогдох үйл ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээний төслийг боловсруулж, холбогдох хэлтэс, албан тушаалтнаар хянуулах, танилцуулах, хэрэгжилтийг ханган ажиллах;

4.8.Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг зохих хуваарийн дагуу хүлээн авч шийдвэрлэх, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах;

4.9.Хэлтсийн хэмжээнд албан хэрэг, архивын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааврын хүрээнд хөтөлж, өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд үүссэн баримт бичгийг зохих журмын дагуу архивлах, архив албан хэрэг хөтлөлтийн цахим тогтолцоог хэрэгжүүлэх;

4.10.Төрийн үйлчилгээний нэгдмэл, тасралтгүй ажиллагааны бэлэн байдлыг хангаж, төрийн болон албаны нууцын тухай хуулийг хэрэгжүүлэх, нууцыг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

4.11.Хэлтсийн албан хаагч, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, түүнтэй холбогдсон төсөл, хөтөлбөр боловсруулж, холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

4.12.Онцгой байдлын болон гамшгаас хамгаалах байнгын ажиллагаатай орон тооны бус штабын ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох ажлыг хариуцан зохион байгуулах.