Ерөнхий заалт

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Улаанбаатар Смарт Карт” ХХК (цаашид “Компани” гэх)-аас гаргасан цахим карт (цаашид “Umoney” гэх)-ийг ашиглах, цэнэглэхтэй холбогдон  үүсэх бүхий л харилцааг зохицуулахад оршино.

Хэрэглэгч нь “Umoney”-г худалдан авснаар  үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, компанитай тохиролцсонд тооцогдох бөгөөд тусгайлан гэрээ байгуулсан Umoney-г цэнэглэх борлуулах гэрээт цэгүүдээрээ  болон компаний цахим хуудсаараа дамжуулан гэрээний нөхцөлийн талаар хэрэглэгчдийг мэдээллээр хангана.

Нэг. Нэр томьёоны тайлбар

1.1  “Umoney” гэдэг нь: U-money цахим карт гэж IC Chip зэрэгт мөнгөн дэвсгэртийн үнэ цэнийг электрон хэлбэрээр илэрхийлэн хадгалж, түүнийг баталгаажуулсны үндсэн дээр зорчигч нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн гүйлгээг гүйцэтгэгч цахим тасалбарыг хэлнэ. 

1.2  “Хэрэглэгч” гэдэг нь:  “Umoney”-г худалдан авч эзэмшиж, ашиглаж буй этгээдийг хэлнэ.

1.3  “Зорчигч тээврийн хөлс” гэдэг нь: Хэрэглэгч нийтийн тээврээр зорчихдоо цахим картаар болон бэлэн мөнгөөр төлөх тээврийн хөлсийг хэлнэ.

1.4  “Карт борлуулах, цэнэглэх цэг”гэдэг нь:  “Umoney” картыг борлуулах гэрээний нөхцөлийн дагуу компанитай тусгайлан гэрээ байгуулсан, “Карт борлуулах, цэнэглэх цэг”-ээр бүртгүүлж,  хүлээн зөвшөөрөгдсөн хувиараа хөдөлмөр эрхлэгч этгээд,  аж ахуйн нэгж түүний салбар, байгууламжийг хэлнэ.

1.5  “Umoney үйлчилгээ” гэдэг нь: Umoney-г цэнэглүүлэх, түүгээр төлбөр хийх зэрэг хэрэглэгч болсноор үзүүлэх үйлчилгээг хэлнэ.

1.6  “Төхөөрөмж” гэдэг нь: Хэрэглэгчид үйлчилгээг хүргэх зорилгоор карт цэнэглэх борлуулах цэг, тээврийн хэрэгсэлд суурилуулсан төхөөрөмжийг хэлнэ.

1.7  “Буцаан олголт” гэдэг нь: Umoney-д хадгалагдсан үлдэгдэл мөнгийг Хэрэглэгчид буцаан олгохыг хэлнэ.

1.8  “Эвдэрсэн карт” гэдэг нь хэвийн хэрэглэж болохгүй Umoney-г хэлнэ. Үүнд:

1.8.1      “Доголдолтой карт” гэдэг нь: Umoney-н гадна талд өөрчлөлт, гэмтэлгүй боловч төхөөрөмжид ашиглах боломжгүй Umoney-г хэлнэ.

1.8.2      “Гэмтэлтэй карт” гэдэг нь: Хэрэглэгчийн санаатай болон санамсаргүй үйлдлээс үүдэн цоорох, нугарах, хугарах, шатах, нүхлэх, хагарах, хуваагдах, картын дугаар арилах, чип, антенa гэмтэх зэргээр ашиглах боломжгүй болсон Umoney-г хэлнэ.

Хоёр. Ашиглалт

2.1  Хэрэглэгч нь Umonеу тэмдэглэгээ бүхий компанитай гэрээт карт цэнэглэх, борлуулах, аль ч цэгүүдээр болон  хэрэглэгчийн төвд хандан бүх үйлчилгээг авч болно. Техникийн шаардлага, системийн засвар үйлчилгээтэй холбогдуулан (системийн засвар, төхөөрөмжийн эвдрэл, сүлжээний чанар, гэмтэл, шинэ карт, төхөөрөмжийн хэвийн ажиллагааны засвар гэх мэт) үйлчилгээг хязгаарлах зайлшгүй тохиолдолд  компани  өөрийн цахим хуудсаар дамжуулан урьдчилан мэдэгдэнэ.

2.2  Хэрэглэгч нь Улаанбаатар хот болон хотын ойр орчимд үйлчилгээ үзүүлж буй нийтийн тээврийн хэрэгсэлд зорчих зорчигч тээврийн хөлсийг бэлнээр бус Umoney-г ашиглан төлж  болно.

2.3   Хэрэглэгчийн нөхцөлийн 2.2-д заасан нийтийн тээврийн хэрэгсэл нь Umoney-г унших төхөөрөмж суурилуулсан тээврийн хэрэгсэл байна.

Гурав. Цэнэглэлт

3.1  Umoney картыг тэмдэглэгээ бүхий албан ёсны гэрээт карт цэнэглэх, борлуулах цэгүүд болон хэрэглэгчийн төвд хандан бэлэн мөнгөөр цэнэглэнэ.

3.2  Umoney картыг нэг удаад 90,000 хүртэл төгрөгөөр цэнэглэж болох ба картын үлдэгдлийн дээд хэмжээ нь 500,000 төгрөг хүртэл байж болно.

3.3  Umoney картад хадгалагдаж буй мөнгөн дүнд хүү бодогдохгүй.

Дөрөв. Буцаан олголт

4.1  Гэмтэлтэй Umoney картан дахь үлдэгдэлийн буцаан олголтыг Компанийн хэрэглэгчийн төвд хийх ба үлдэгдлийг шалгах болон хэрэглэгчтэй холбогдох мэдээллийг үнэн зөвийг нягталж үзсэний дараа хэрэглэгчид олгоно. Картын анхны ашиглалтаас хойш 3 сарын доторх гэмтэлтэй картан дахь үлдэгдлийг буцаан олгоно.

4.2  Доорх нөхцөлүүд үүссэн тохиолдолд, хэрэглэгч Umoneу картад хадгалагдаж буй үлдэгдлийг буцаан авахыг хүсвэл Umoney картын төрлөөс хамаарч буцаан олголтыг хийнэ.Үүнд;

4.2.1    Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас цэнэглэх цэгүүд төлбөр болон үйлчилгээг үзүүлэх хүндрэлтэй болж Umoney-г ашиглах боломжгүй болох;

4.2.2    Umoney картын доголдлоос шалтгаалан төлбөр төлөх болон үйлчилгээ авах боломжгүй болох;

4.3  Компани нь 1.8.2-д заасан болон хэрэглэгчийн болгоомжгүй болон санаатай үйлдлээс үүдэн эвдэрсэн картын төлбөрийг буцаан олгохгүй.

4.4  Хэрэглэгчийн хаяж, гээгдүүлсэн, хулгайд алдсан, хэвийн ажиллагаатай Umoney-ийн үлдэгдэл мөнгийг буцаан олгох боломжгүй.

4.5  Зарим тохиолдолд техникийн шаардлага(системийн засвар, төхөөрөмжийн эвдрэл, сүлжээний чанар, гэмтэл, шинэ карт, төхөөрөмжийн хэвийн ажиллагааны засвар гэх мэт)-ийн улмаас үйлчилгээ хязгаарлагдаж болох ба энэ тохиолдолд компани нь урьдчилан өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэнэ.

Тав. Картын төрөл

5.1  Umoney карт доорх төрлүүдтэй байна. Үүнд;

5.1.1      Энгийн

5.1.2      Хүүхдийн

5.1.3      Хөнгөлөлттэй зорчих

5.2  Энгийн Umoney картыг дурын хэрэглэгч худалдан авч хэрэглэх боломжтой.

5.3  Хүүхдийн Umoney карт нь:

5.3.1      Хүүхдийн картыг Umoney карт борлуулах, цэнэглэх цэгүүд болон Umoney картын хэрэглэгчийн төвөөс  сурагчийн үнэмлэхээ шалгуулан худалдан авна.

5.3.2      Хүүхдийн картын хэрэглэгч нь 8 наснаас 18 нас хүртэлх тодорхой хугацааны туршид хүүхдийн хөнгөлөлттэй тарифаар зорчих эрх бүхий 18 насанд хүрээгүй хүүхэд байх ба 19 нас хүрээд Umoney-г сольж энгийн тарифаар зорчиж эхлэх ёстой.

5.3.3      Хүүхдийн картыг ашиглах эрхгүй, насанд хүрсэн этгээд ашиглахыг хатуу хориглоно.

5.4  Хөнгөлөлттэй зорчих Umoney карт нь ахмад настны, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, оюутны, цагдаагийн гэсэн төрөлтэй байх ба төрөл тус бүр нь;

5.4.1      Ахмад настны картын хэрэглэгч эмэгтэй 55, эрэгтэй 60-аас дээш насны иргэнд олгогдох ба улсаас тогтоосон зорчих эрхийн хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр зорчино.

5.4.2      Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлттэй зорчих карт нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэрчилгээ бүхий иргэдэд улсаас тогтоосон зорчих эрхийн хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр зорчино.

5.4.3      Оюутны карт гэдэг нь Монголын Оюутны холбоонд бүртгэлтэй тус холбоогоор дамжуулан авах боломжтой картыг хэлэх ба улсаас тогтоосон зорчих эрхийн хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр зорчино.

5.4.4      Цагдаагийн албан хаагчдын хөнгөлөлттэй зорчих карт нь Цагдаагийн албан хаагчдад холбогдох байгууллагаар дамжуулан олгогдох картыг хэлэх ба улсаас тогтоосон зорчих эрхийн хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр зорчино.

Зургаа. Гүйлгээний командыг цуцлах

6.1  Хэрэглэгч нь Umoney-с үйлчилгээ авч, Umoney картаар гүйлгээ хийж, гүйлгээний талаарх мэдээлэл системд үлдсэнээс хойш гүйлгээг буцаах боломжгүй. Зөвхөн гэрээт борлуулагчийн төхөөрөмжийн болон алдаатай үйлдэл зэргээс гүйлгээг буцаах шалтгаан гарах тохиолдолд алдаатай, буруу хийгдсэн гүйлгээний дараа Umoney картаар төхөөрөмжид нэмэлт гүйлгээ хийхээс өмнө гүйлгээг цуцлах боломжтой.

Долоо. Гүйлгээний мэдээллээр хангах

7.1  Компани нь хэрэглэгчийн эзэмшиж буй энгийн Umoney картын гүйлгээний мэдээллийг шалгах доорх үйлчилгээгээр хангана. Үүнд:

7.1.1        Ашигласан огноо;

7.1.2       Картын үлдэгдэл;

7.1.3       Гүйлгээ хийсэн цэг, тээврийн хэрэгслийн мэдээлэл;

7.2  Үйлчилгээг Компанийн хэрэглэгчийн төв дээр үзүүлнэ.

Найм. Хувийн мэдээллийн нууцлал, хамгаалалт

8.1  Компани нь хэрэглэгчийн мэдээллийн нууцыг чанд хадгална.

8.2  Компани нь хууль тогтоомжийн дагуу эрх бүхий хууль, хяналтын байгууллага, албан тушаалтнаас хүсэлт, шаардлага гаргаснаас бусад тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг бусдад задруулахгүй.

Ес. Хариуцлага

9.1  Хэрэглэгч нь;

9.1.1      Umoney-г худалдан авахдаа гаднах байдлыг сайтар нягтлан шалгаж худалдан авах бөгөөд худалдан авсан мөчөөс хойших хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдал, аливаа гадны нөлөөллийн гэмтлийг компани болон компанийн гэрээт борлуулалтын цэг, гэрээт түгээгч хариуцахгүй.

9.1.2      Umoney-г цэнэглүүлэх үед өөрийн үлдэгдэл дүн, цэнэглэж буй дүн, цэнэглэсний дараах дүнг сайтар шалгаж үйлчлүүлнэ.

9.1.3      Энгийн хэрэглэгч нь хөнгөлөлттэй зорчигчийн Umoney-р зорчихийг хатуу хориглоно. Мөн хөнгөлөлттэй зорчигч нь зориулалтын бус өөр төрлийн хөнгөлөлттэй зорчих Umoney-г ашиглахыг хатуу хориглоно.

9.1.4      Хэрэглэгчийн санаатай болон санамсаргүй үйлдлээс үүдэн Компанид хохирол учирсан бол Хэрэглэгч хариуцна.

9.1.5      Санаатай болон санамсаргүй байдлаар Umoney-г зориулалтын бус төхөөрөмжид уншуулах, мэдээллийн өгөгдөлийг өөрчлөхийг хатуу хориглоно.

9.2      Компани нь;

9.2.1      Umoney үйлчилгээг авах явцад компаниас шалтгаалан хэрэглэгчид хохирол учирсан бол энэхүү нөхцөлийн 9.2.3-д заасны дагуу үүнийг Компани хариуцна.

9.2.2      Техникийн доголдолтой карт худалдаалагдсан тохиолдолд компани өөрийн хэрэглэгчийн төв дээр гэмтэлгүй картаар сольж өгнө.

9.2.3      Компани нь Хэрэглэгчийн Umoney үйлчилгээг авах явцад үүссэн аливаа хохирлыг энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан болон доор дурдсанаас бусад тохиолдолд Компанийн буруу гэж тогтоогдвол нөхөн төлнө. Үүнд;

A.    Umoney-г алдсан, алга болгосон тохиолдолд;

B.    Хэрэглэгчийн санаатай болон санамсаргүй үйлдлээс шалтгаалан ашиглах боломжгүй болсон гэмтэлтэй Umoney-ийн тохиолдолд;

C.   Umoney-н мэдээллийн өгөгдлийг санаатай болон санамсаргүй байдлаар өөрчлөн хэрэглэсэн тохиолдолд;

D.   Umoney-г компаниас тодорхойлоогүй хууль бус худалдаа үйлчилгээ болон буруу хэрэглэсэн тохиолдолд;

E.    Гуравдагч этгээд хэрэглэгчийн Umoney-г хэрэглэж болохыг мэдсэн эсвэл амархан мэдэж болохоор байхад хэрэглэгч өөрийн Umoney мэдээлэл (картын дугаар зэрэг)-ийг алдах, ил гаргах, ил орхисон, тохиолдолд;

F.    Хөнгөлөлттэй зорчих, тусгай зориулалтын Umoney-г гуравдагч этгээдэд дамжуулах, хамтран ашиглах болон бусад зохисгүй хэрэглээнээс үүдэн торгууль ногдох, хариуцлага тооцогдох, хохирол учрах тохиолдолд;

Арав. Маргаан шийдвэрлэх

10.1   Энэхүү Үйлчилгээний нөхцөл, түүнтэй холбогдон үүсэх бүхий л эрх зүйн харилцааг шийдвэрлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийг удирдлага болгоно.

10.2   Компани нь хэрэглэгчийн гаргасан зөв санал болон шүүмжлэлийг тусгаж авахын тулд хэрэглэгчийн саналыг цуглуулах системийг ажиллуулах, хэрэглэгч нь бичгээр болон цахим хуудсаар дамжуулж санал хүсэлтээ илэрхийлж болно.

10.3   Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн аливаа маргааныг талууд эвийн журмаар шийдвэрлэнэ. Эвийн журмаар маргааныг шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

10.4   Компани нь хэрэглэгчээс ирсэн санал гомдлыг ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэнэ. Заасан хугацаанд шийдвэрлэх боломжгүй тохиолдолд хэрэглэгчид шалтгаан болон шийдвэрлэх өдрийг мэдэгдэнэ.

Арван нэг. Бусад

11.1   Компани нь техникийн өөрчлөлт, шинэчлэлт, үйлчилгээний сайжруулалт, хууль, тогтоомжийн нэмэлт, өөрчлөлт, эрх бүхий албан тушаалтнаас гаргаж буй эрх зүйн акт зэрэг шалтгаанаар Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт хийж болно.

11.2   Компани нь хэрэглэгчийн зүй зохистой болон оновчтой санал гомдлыг  шийдвэрлэх, үйлчилгээндээ тусгах зорилгоор хэрэглэгчийн төв болон веб сайтаар санал, гомдлыг хүлээн авна.

11.3   Хэрэглэгч нь компанийн www.uscc.mn цахим хуудас болон хэрэглэгчийн төвийн  7015-1289 тоот дугаарт санал, гомдолтой холбоотой асуудлаар хандаж болно.