Ангилал: МэдээлэлОгноо: 1 сар 28, 2022

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2021 оны “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/987 дугаар захирамж 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү захирамжаар иргэд, аж ахуйн нэгж нийслэл Улаанбаатар хотод нэр бүхий 74 төрлийн үйл ажиллагааг эрхлэхдээ ямар нэгэн зөвшөөрөл, батламж, зөвшөөрлийн шинжтэй баримт бичиг бүрдүүлэхгүй байхаар зохицуулсан.
Иргэн, аж ахуйн нэгж байгууллага www.ulaanbaatar.mn цахим хуудасны “ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БҮРТГЭЛ” гэсэн хэсэгт хандан Дан системээр дамжуулан иргэн, аж ахуйн мэдээллийг баталгаажуулж нэвтэрнэ. Эхний алхам буюу тавигдах стандарт, шаардлага, иргэн, аж ахуйн нэгжийн хүлээх үүрэгтэй танилцан зөвшөөрсний дараа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын регистрийн дугаарыг оруулж хувийн мэдээллийг Хур системээс татна. Үүний дараагаар үйлчилгээний байршлын мэдээлэл болон бүрдүүлэх баримт бичгээс өмнө нь тухайн баримт бичгийг авч байсан эсэх мэдээллийг оруулснаар таны хүсэлтийн мэдээллийг бүртгэж QR код бүхий бүртгэлийн хуудас гарч ирж, үйл ажиллагааг шууд эхлүүлэх боломжтой болно.