Ангилал: МэдээОгноо: 5 сар 10, 2023

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай нар холбогдох албаныхны Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо /МТИҮХ/-ны гишүүдтэй “Асуудал шийдэл” хэмээх хэлэлцүүлгийг өрнүүллээ. Энэ үеэр тулгуур эрхтний бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүст тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар сонсон, тусгай хэрэгцээт иргэдийн байр суурийг салбарын бодлого, шийдвэрт тусгахаар санал солилцсон юм. Тухайлбал Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хуулийн зөвлөх Б.Галсанжамц хэлэхдээ:
Нийслэлийн хэмжээнд одоогоор өдөрт 900 гаруй тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй. Үүнээс 30 гаруй хувь нь парк шинэчлэлийн хүрээнд орж ирсэн шинэ автобус юм. Засгийн газраас парк шинэчлэлийг 100 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байгаа төдийгүй  одоогоор үйлчилгээнд явж буй бүх шинэ автобусаар тусгай хэрэгцээт иргэд саадгүй үйлчлүүлэх бүрэн боломжтой юм. Гэвч жолоочийн хандлагаас үүдэн тэргэнцэртэй иргэд саадгүй зорчих боломж тэр бүр алга. Энэ тохиолдолд тухайн иргэн автобусны бүхээгийн хажууд бичээстэй тусгай утсанд санал гомдлоо илгээж өөрийн эрхээ хамгаалах хэрэгтэй. Ингэснээр эрх нь зөрчигдөх магадлалтай иргэдийг ч мөн давхар хамгаалж чадаж байгаа юм гэлээ. Мөн тусгай хэрэгцээт иргэдэд хэрхэн үйлчлэх талаарх уулзалтыг автобус нэгтгэлийн компаниудад зохион байгуулахаа мэдэгдлээ.