З.ЦЭВЭЭНДОРЖ: Шугамгүйн улмаас шинэ, 50 автобус “хадгалсан” гэдэг нь ташаа мэдээлэл
Сонгинохайрхан дүүргийн Ган хийц үйлдвэрийн хашаанд шугамгүйн улмаас шинэ, 50 автобусыг үйлчилгээнд гаргахгүй, хадгалж байна гэх мэдээллийг нэр бүхий сайт олон нийтэд түгээсэн. Тус мэдээллийн дагуу Нийтийн тээврийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж, ЗТН-III компанийн Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга Л.Отгонбаатар нар тайлбар өглөө.
“Аливаа авто бааз өөрийн хүчин чадлынхаа 90 орчим хувиар ажиллах нөхцөлтэй. Үүнийхээ дагуу 10-15 автобусыг байнгын бэлэн байдалд байлгадаг. Түүнээс шугамгүйн улмаас автобусыг хадгаллаа гэдэг нь ташаа мэдээлэл” гэв.
Зорчигч тээврийн нэгтгэл гурав ОНӨААТҮГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга Л.Отгонбаатар
“Яг энэ хэсэг бол манай хоёрдугаар баазын хашаа. Бид энд автобусуудаа өглөө, оройдоо паркладаг. Одоогоор 16 автобус энэ хашаанд байна. Бусад нь шугамдаа, үйлчилгээнд гарсан. Энэ 16 автобусны тухайд, 5 нь техникийн ээлжит засвар үйлчилгээ хийж байгаа бол үлдсэн 11 автобус нөхөн гаралтад буюу бэлэн байдалд зогсож байна. Шинэ автобусыг үйлчилгээнд гаргахын тулд наанадаж 14 хоног паркладаг. Учир нь, дугаар авах, Смарт картын тоног төхөөрөмж суурилуулах, тээврийн гэрчилгээг нь авах гэх мэтэд дээрх хугацааг зарцуулдаг. Магадгүй, автобусныхаа бэлэн байдлыг хангаж байсан тэр үеийн зураг, бичлэгээр нийгмийн сүлжээнд олон нийтэд ташаа мэдээлэл түгээж байгаад харамсаж байна” гэлээ.