Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын их багтаамжийн автобусны жолооч нарын харилцаа хандлага, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Уран жолоодлого” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг.
Энэ жилийн тэмцээн нэлээд онцлог болсон. Нийтийн тээврийн цахим шилжилтийн хүрээнд бүх автобусанд хяналтын камер суурилуулсан. Уралдаанд оролцсон жолооч нарын ур чадварыг үнэлэхээс гадна ажлын өдрийн бичлэгийг хянаж /бэлэн мөнгө авсан эсэх, зогсоолгүй газар зогссон эсэх, тамхи татсан эсэх/ ёс зүйн алдаа гаргаагүй байхыг гол шалгуураа болгосон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ёс зүйн алдаа гаргаагүй, зорчигчдод хүндэтгэлтэй хандан, соёлч боловсон үйлчилдэг, замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж хотын үйлчилгээний салбарт манлайлал үзүүлж, ур чадварын уралдаанд тэргүүлсэн нийтийн тээврийн салбарын 15 жолоочид “Түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөр”-т хамрагдах эрхийн бичгийг гардуулсан юм.
Тэрбээр энэ үеэр “2024 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлж, жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгосон. Парк шинэчлэлийн ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, ирэх долоо хоногоос том оврын 31 автобус үйлчилгээнд явж эхэлнэ. Цаашид олон жил үр бүтээлтэй ажилласан үйлчилгээний болон хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ” гэдгийг онцолж байв.
Энэхүү уралдаанд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 11 аж ахуйн нэгжийн байгууллагын 16 багийн 85 жолооч оролцсон. Шилдгийн шилдгээр “Эрдэм Транс” ХХК-ийн жолооч Д.Очгэрэл шалгарч, 150 сая төгрөгийн эрхийг бичиг гардлаа. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж шалгарсан 14 жолоочид 100 сая төгрөгийн эрхийн бичгийг гардуулж ажилд нь амжилт хүслээ.
Ажил мэргэжил, ур чадвараараа бусдыгаа манлайлсан жолооч нартаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Шилдгийн шилдэг
“Эрдэм транс” ХХК-ийн жолооч Доржпүрэвийн Очгэрэл
“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ:
1. Барамсайгийн Уламбаяр
2. Ганхуягийн Тэмүүжин
3. Ганбаатарын Сэргэлэн
4. Балдангийн Цогтсайхан
5. Ганбаатарын Мөнх-Улаанаа
“Эрдэм транс” ХХК:
1. Төмөрбаатарын Баасандорж
2. Ганболдын Гантулга
3. Төмөрбаатарын Жаргалбат
4. Дэлгэрцогтын Цогттулга
”Сутайбуянт” ХХК:
1. Машлайн Батцагаан
2. Баясгалангийн Ууганбаяр
3. Гансүхийн Ганболд
4. Галбадрахын Батжаргал.
Нийтийн тээврийн бодлогын газар