Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргалын удирдамжийн дагуу Ачаа тээвэр, авто үйлчилгээний хэлтэс, Хяналт шалгалтын хэлтсийн бүрэлдэхүүн 11-р сарын 18-наас 12-р сарын 13-ны өдрийг дуустал нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож буй том оврын ачаа түгээлт, хүргэлтийн автомашинд холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй том оврын ачаа түгээлт, хүргэлтийн автомашинд холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгаж байгаа аж. Энэ талаар НТБГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн авто тээврийн хяналтын улсын байцаагч О.Батцоож “Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас нийслэл хотод тээвэрлэлтийн ажил үйлчилгээ гүйцэтгэж буй ачааны машинуудад авто тээврийн тухай хууль, ачаа тээвэрлэх дүрэм, стандартын хүрээнд хяналт шалгалтыг хийж байна. Шалгалтаар ачаа тээвэрлэх ажил үйлчилгээг мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэхгүй байгаа зөрчил их илэрч байна. Ачаа тээвэрлэлтийг мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх дүрэмтэй. Мөн ачаа тээвэрлэх зөвшөөрөлгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх нийтлэг зөрчил илэрч байна. Илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах боломжгүй байдаг. Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авахдаа нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газарт дуудаж, гаргасан зөрчилд тохирсон торгууль ногдуулдаг. Зөрчил гаргасан ААН-үүдэд улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавьдаг юм” гэсэн юм.