Ангилал: Мэдээ, МэдээлэлОгноо: 4 сар 7, 2025
Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd-ын ахалсан түншлэл шалгарч, 2024 оны VI сарын 10-ны өдөр гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэн, 2024 оны VII сарын 05-ны өдөр “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан. Одоогийн байдлаар ТЭЗҮ, төслийн төсвийг шинэчилэх ажил 85 хувьтай, Инженер-геологи болон бусад суурь судалгааны ажлын гүйцэтгэл 100 хувь хийгдээд байна. Мөн EPC гүйцэтгэгчийн тендерийн I үе шатны ажлыг зохион байгуулсан, II үе шатны материал бэлтгэж байна.
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажлыг 2025 оны II улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Шугам I: Толгойт – Амгалан чиглэл
Трассын урт: 19.4 км
Өртөө: 15
Өртөө хоорондын дундаж зай: 1.3 км
Хурд: 36.5 км/цаг
Хүчин чадал: 17,200 зорчигч/цаг
 Улаанбаатар хотод яагаад Метро барих шаардлагатай вэ?
Улаанбаатар хотод метро байгуулахаар анх 2013 онд Японы Жайкагаас техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан байдаг. Гэвч олон шалтгааны улмаас төсөл хэрэгжихгүй явсаар улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод нийт хүн амын 50 орчим хувь нь амьдарч, үүнээс үүдэн автозамын түгжрэл дээд цэгтээ тулан, эдийн засгийн хохирол нэмэгдсээр байна.
️Төсөл хэрэгжсэнээр ямар давуу талтай вэ?
Оргил цагт нэг чиглэлд цагт 17,500-26,000 хүн тээвэрлэх бөгөөд авто замын сүлжээний хөдөлгөөний эрчим 10%-иар сайжирч, дундаж хурд 18%-иар өсөх төлөвтэй байна. Мөн метроны өртөө орчмын 1318 га нутаг дэвсгэрийг худалдаа, үйлчилгээ зориулалтаар дахин төлөвлөн хөгжүүлэх замаар төслийн зүгээс хотын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх боломжтой. Түүнчлэн хотын орон зайн бүтцийг өөрчлөх “20 минутын хот”-ын концепцоор тодорхойлсон 14 хотоос 6 хотын төвийг хөгжүүлэх үйл ажиллагааны гол хөшүүрэг болох боломж бүрдэнэ.
Улаанбаатар метро төслийн 1 дүгээр шугам:
Улаанбаатар метро төсөл нь Толгойтоос Амгалан чиглэлд 19.4 км урт шугамтай, 15 өртөө, засвар үйлчилгээний депотой байхаар төлөвлөж ТЭЗҮ-д тусгасан. Төслийн хүрээнд инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухаан Технологийн их сургууль, “Духуа инженеринг” компани хамтран хэрэгжүүлж буй бөгөөд Шинжлэх Ухаан Технологийн их сургууль, БНСУ-ын Халла их сургуульд тус бүр хоёр жилийн хугацаатай оюутнуудыг сургаж, эхний ээлжинд 200 инженер бэлтгэх ажил эхлээд байна. ЭНД дарж төслийн дэлгэрэнгүй мэдээлэлттэй танилцана уу.